Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Бэлчээрийн тогтвортой менежмент, Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах бүсчилсэн семинар 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод боллоо.
Хангайн бүсийн Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, нарийн бичгийн дарга, зарим сумдын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлэгийн газар, Татварын газрын төлөөлөл бүхий нийт 65 хүн хамрагдсан уг семинарыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран зохион байгуулжээ.
Бүсчилсэн семинараар Мал аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлт хэрэгжилт, Төрөөс бэлчээрийн талаар баримталж буй бодлого, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны газрын дарга Д.Батмөнх, мэргэжилтэн Н.Бямбадорж нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Мөн Бэлчээрийн менежментийн талаар хэрэгжүүлж байгаа ажил, шинэлэг шийдлүүдийн талаар “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо”-ны захирал Н.Ганхуяг, Сүргийн эргэлтийг зөв зохион байгуулж, малын чанарыг сайжруулах тухай илтгэлийг Хөдөө аж ахуйн их сургуулийн багш Л.Ариунболд тавьсан юм.
Орон нутгийн бэлчээрийн менежментийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар болон Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаар аймаг тус бүр мэдээлэл, танилцуулга хийж харицан асуулт асууж, ярилцлага хийж, санал солилцсон нь энэхүү семинарын онцлог байлаа.
Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд дээрх семинарыг өмнө нь Дундговь аймагт төвийн бүсийн таван аймгийг хамруулан зохион байгуулсан бөгөөд зүүн бүсийн семинарыг энэ сарын дундуур Дорнод аймагт зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын
чадавхыг бэхжүүлэх төсөл
